“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДАЛ” СЭДЭВТ 5 ХОНОГИЙН СУРГАЛТАНД НИСЭХ БУУДЛЫН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА
“Жайка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, “DET форум” ТББ, “Чингис хаан” ОУНБ-тай хамтран 05 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сэдвээр 5 хоногийн сургалтыг нисэх буудлын ажилтнуудад амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд тус төслөөс нийт 32 сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд тэдний 4 нь энэ удаагийн сургалтыг удирдаж явуулсан юм. Төслийн мэргэжилтэн Тэрүяа Эми, ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болроо, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” ТББ-ын тэргүүн Л.Гэрэлцэцэг нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх аргачлалын тухай”, “Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ”, “Хөдөлгөөний бэрхшээл”, “Сонсголын бэрхшээл”,” Харааны бэрхшээл” зэрэг сэдвийн хүрээнд нисэх буудлын ажилтнуудад танхимын сургалтыг “Буянт-Ухаа” цогцолбор сургуульд, дадлагын сургалтыг нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах Орон нутгийн явагчийн болон хүлээлгийн танхимуудад зохион байгуулсан юм. Энэхүү 5 хоногийн сургалтанд нисэх буудлын захирлын тушаалаар бүх нэгжийг хамруулсан бөгөөд нийт 110 ажилтан оролцож сертификат гардаж авсан юм. Нисэх буудлын ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хараагүй, сонсголгүй, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд хүсч буй үйлчилгээг нь хэрхэн үзүүлэх вэ, яаж ойлголцож харилцаа үүсгэх вэ гэдгийг ойлгож мэдэрсэн нь тус сургалтын гол үр дүн байсан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй аливаа хүн нисэх буудалд орж ирээд үйлчилгээ авахад ямар бэрхшээл тулгардагийг нисэх буудлын ажилтнууд дадлагын сургалтын явцад биеэр мэдэрсэн учраас цаашид өдөр тутмынхаа ажилд анхаарах ёстой зүйлсийг ойлгож, мэдэж авсан нь сургалтын бас нэг үр дүн байсан гэхэд болно.
Оруулсан : 2018 5-Р Сар 11