CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

Ulaanbator, Khan-Uul discrit

БУЯНТ-УХАА ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШААРДЛАГУУД

2.1 Дараах зүйлсийг экспортлох, импортлох болон шилжүүлэн ачихад Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд ба бүтээгдэхүүн, лаазалсан болон боловсруулсан бүтээгдэхүүн, амьтан ургамлын гаралтай түүхий эд ба бүтээгдэхүүн агуулсан биологийн болон химийн бордоо, пестицид, мал эмнэлгийн бүтээгдэхүүн ба тоног төхөөрөмж гэх мэт.

2.2 Эдгээр зөвшөөрлүүдээс гадна амьд амьтныг дамжин өнгөрүүлэхэд зөвшөөрөл шаардлагатай.

2.3 Ховордсон амьтан ургамлын аймгийг хамгаалах Олон улсын худалдааны Конвенцийн дагуу хамгаалагдсан зэрлэг амьтан ургамал буюу тэдгээрээс гаралтай түүхий эдийг импортлох болон экспортлоход Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

2.4 Эм, эмнэлэгийн хэрэгсэл, биобэлдмэл, экспортлох болон импортлоход Эрүүл мэнд, спортын яамны лиценз, лицензийн бичигт эм, эмнэлэгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна. Вакцин, биобэлдмэл, оношлуур, урвалж бодис нь хүйтэн хэлхээний горимын бүртгэлийн хуудастай байна.

2.5 Цус цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн, биологийн халдвартай материал улсын хилээр нэвтрүүлэх үед Эрүүл ахуйн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолттой, Эрүүл мэнд, спортын яамнаас олгосон хил нэвтрэх зөвшөөрөлтэй байна.

2.6 Хүнсний бүтээгдэхүүн экспортлох болон импортлоход тухайн үйлдвэр нь зохистой дадал эсвэл хяналт удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн, үйлдвэрлэгч буюу түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ эсвэл түүнтэй адилтгах баримт бичигтэй байна. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, цэвэр өсгөврийн хөрөнгө, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эдийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн, урьдчилан шинжлүүлж, эрүүл ахуйн хяналт хийлгүүлсэн байна.Согтууруулах ундаа, стратегийн хүнс (хуурай сүү болон савласан сүү) импортлоход холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.

2.7 Шарил, чандар улсын хилээр нэвтрүүлэх үед дараах бичиг баримт бүрдүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандана.

1.Дагалдаж ирсэн гэрчлэх баримт бичгүүд (иргэний үнэмлэх, гадаад паспортны хуулбар, элчин сайдын газрын тодорхойлолт);

2.Илгээгч улсын эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт (шүүх эмнэлэг);

3.Цагдаагийн байгууллагаас гаргасан тодорхойлолт;

4.Халдвартгүйтгэл хийсэн гэрчилгээтэй (чандарт хамаарахгүй);

5.Халдварт өвчний шалтгаантай нас барсан эсэх олон улсын хөл хориот өвчний халдвартай бүс, нутгаас ирсэн эсэхийг тодорхойлсон бичиг баримт.

АГААРЫН ХӨЛӨГТ АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХЭД ТАВИГДАХ шААРДЛАГУУД

4.1 Ерөнхий зөвшөөрлийг Олон улсын иргэний нисэхийн Конвенцийн Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх тухай Хавсралт 18-ын хүчинтэй хэвлэлийн шаардлагуудыг хангасан агаарын тээвэрлэгчдэд Гаалийн удирдах газраас олгоно. Агаарын тээвэрлэгч нь тээвэрлэхийг хүсэж буй аюултай ачааны талаар тодорхой мэдээллийг багтаасан өргөдлөө Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад ирүүлнэ. Уг өргөдөлд замын дагалдах хуудас болон мэдүүлэх хуудсыг хавсаргасан байна.

4.2 Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх тухай ICAO-ийн техникийн зааварчилгааны Бүлэг 2.1 (Док 9284) болон аюултай ачааг тээвэрлэх журмын Бүлэг 3.3-т заасны дагуу аюултай ачааг тээвэрлэхийг хориглоно.

4.3 Холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.

4.4 Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

4.5 Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

4.6 Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах, зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

4.7 Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

4.8 Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг импортлогч нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.