1957 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны сайдын 107 тоот тушаалаар Улаабаатар хотын "Буянт-Ухаа" нисэх онгоцны төв буудал анх байгуулагджээ.

1958 онд Ил-14 онгоцоор Улаанбаатраас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал болсон. 1994-1997 онд "Азийн хөгжил"-ийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал нь ИКАО-ийн кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн юм.

1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын даргын 40 тоот тушаалаар Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан.

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор "Чингис хаан" Олон улсын нисэх буудал болгон өөрчилсөн.

"Иргэний нисэхийн ерөнхий газар"-ын харьяа Буянт-Ухаа дахь "Чингис хаан" Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай, зорчигч үйлчилгээний цогцолбор юм. Бид 2018 онд түүхэндээ анх удаа 1.4 сая зорчигч хүлээж авсан.

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.