• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН АЭРОДРОМЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧААР СУРАЛЦАЖ БУЙ ЗАЛУУСТАЙ УУЛЗАЖ, АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Иргэний нисэхийн Ерөнхий газар Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран дотооддоо аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх дадлагажуурын сургалтыг хоёрдугаар сарын 16-нд эхлүүлсэн. Орон нутгийн нисэх буудлуудад аэродромын нислэгийн удирдагчаар ажиллах 16 суралцагч Тайланд багш нарын удирдлага, зааварчилгаан дор суралцаж байгаа юм.

Өнөөдөр тэдэнтэй ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан уулзаж, сургалтын явцтай танилцлаа. Юун түрүүнд Иргэний нисэхийн салбарын хамгийн чухал мэргэжлүүдийн нэг Нислэгийн удирдагч хэмээх мэргэжлийг сонгон суралцаж байгаа залуустаа өндөр амжилт хүсээд, дэлхийн мэргэжилтнүүд болохыг ерөөлөө. Одоогоос 23 жилийн өмнө буюу 1999 онд Тайландын Вант Улсын Иргэний нисэхийн сургуульд Нислэгийн удирдагч мэргэжлийг эзэмшсэн тэрбээр суралцагч залууст энэхүү мэргэжил нь өдөр тутамдаа олон мянган хүний амь насыг хариуцаж байдаг асар өндөр хариуцлагатай ажил болохыг хэлсэн юм. Ачаалалтай үед олон агаарын хөлгийг зэрэг удирдах шаардлага ч гардаг учраас тэр бүрд асар өндөр анхаарал, хариуцлага, ур чадвар шаарддаг байна.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад дэлхий даяар агаарын тээврийн салбар сүүлийн 2 жилд хүнд нөхцөлд байсан. Харин одоо эргэн сэргэх шинэ цагийн эхлэл болсон энэ үед та бүхэн Нислэгийн удирдагч болохоор суралцаж байгаа нь цаг үеэ олсон гэж бодож байна. Аэродромын нислэгийн удирдагчийн энэхүү сургалтаа амжилттай төгссөн залуусыг бид ажлын байраар хангана. Харин залуус маань Монголчуудынхаа дэлхийд гарах цор ганц гарц болсон агаарын тээврийн салбараа сэтгэл зүрхээрээ ойлгож, улс орныхоо төлөө мэдлэг, ур чадвар, оюун ухаанаа зориулан ажиллаарай” хэмээн захилаа.

Олон улсын хөтөлбөрөөр эх орондоо чухал мэргэжил эзэмших боломжийг олгож байгаа Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн багш нарт ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан талархал илэрхийллээ. Чанартай сургалт явагдах орчин нөхцлийг бүрдүүлж, сургалтын шаардлагыг хангасан дадлагажуур болон анги танхимыг бэлтгэсэн Нисэхийн сургалтын төвийн хамт олонд мөн ажлын амжилт хүслээ.

Дээш