• Монгол хэл
  • English
 +976-1900-1980      buyant-ukhaa@airport.gov.mn

С.Мөнхнасан: Бидний давах даваа улам өндөрсөж байгаа ч бид шалтаг тоочоод сууж болохгүй

ИНЕГ болон түүний харьяа газар, алба хэлтсүүдийн удирдлагууд шуурхай хуралдаж, Иргэний нисэхийн салбарт тулгамдаад байгаа асуудлууд, түүнээс гарах гарц, шийдлийн талаар хэлэлцлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас иргэний нисэхийн салбарт нэлээд хязгаарлалтууд хийгдэж ирсэн. Гэвч ОХУ-Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан, агаарын тээвэртэй холбоотой олон асуудлууд нэмэгдээд байна. Хурлын үеэр ИНЕГ-ын дарга Н.Мөнхнасан “ИНЕГ бол улсын төсвөөр санхүүждэггүй, орлогоороо санхүүждэг байгууллага. Тиймээс Олон улсын байгууллагууд агаарын орон зайд хязгаарлалт тогтоож байгаа энэ үед бид нөхцөл байдалтай уялдуулж, хэдий хурдан шуурхай шийдвэрүүд гаргаж ажиллана, төдий чинээ салбараа уналтад орохоос сэргийлж чадна. ОХУ, Украин хоёрын хооронд үүссэн нөхцөл байдал, үүнээс өмнө цар тахалтай тэмцсэн хоёр жил, агаарын тээврийн шатахууны үнийн өсөлт гээд бидний давах даваа улам л өндөрсөж байна. Мөн дээрх хоёр улсын дайны байдал намжсан ч үүнээс шалтгаалсан дэлхийн эдийн засгийн хоригууд эргэн хэвийн байдалд шилжих хүртэл багагүй хугацаа туулна гэдгийг олон улсын шинжээч, судлаачид мэдээлсээр байгаа. Тэглээ гээд бид шалтаг шалтгаан тоочоод сууж болохгүй. Цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан аль болох зөв бөгөөд шуурхай арга хэмжээг авч ажиллах үүрэг хариуцлага байгаа” гэдгийг онцолсон юм.

Мөн үүнтэй холбоотойгоор ИНЕГ-ын харьяа бүх алба хэлтсүүд, “Буянт-Ухаа” болон орон нутгийн нисэх буудлуудад санхүүгийн хэмнэлт хийх судалгаа гаргаж, төлөвлөгөө танилцуулах, зорчигч урсгалын зах зээлийн судалгааг гаргах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийн ажлыг дуусгавар болгох, аудит хийгдсэн салбар, нэгжийн дарга нарт үр дүнг тайлагнаж, холбогдох арга хэмжээг авах, тайлагнах, өнгөрөгч 2019, 2020 онуудад хийгдсэн санхүүгийн тайланд судалгаа хийх зэрэг ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн Иргэний нисэхийн салбар хэрхэн оршин тогтнохыг сорьсон энэ хүнд цаг үед иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа хүн бүр ажлын байрандаа өөрсдийн эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлан, хурдан шуурхай, үр бүтээлтэй ажиллах нь салбарын уналт босолттой шууд хамааралтай гэдгийг онцлон санууллаа.

Дээш